1 дүгээр хавсралт · Гурав. Дарааллын тэмдэг
3.1. Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтооно:

3.1 «Гол зам»
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгоно.

3.2 «Гол замын төгсгөл»
3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.

3.3.а–3.3.в «Туслах зам нийлнэ»
3.3.а тэмдэг нь туслах зам баруун болон зүүн гар талаас, 3.3.б тэмдэг нь зөвхөн баруун гар талаас, 3.3.в тэмдэг нь зөвхөн зүүн гар талаас нийлэхийг урьдчилан анхааруулж давуу эрх олгоно.

3.4 «Зам тавьж өгнө»
Хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 7.13 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

3.5 «Зогсохгүй явах хориотой»
Хөдөлгөөний зохицуулгагүй үед «Зогс-шугам» тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (7.13 нэмэлт тэмдэгтэй бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Тэмдэг дэх «ЗОГС» бичлэгийн оронд «STOP» гэж бичсэн байж болно.

3.6 «Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө»
Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно.

3.7 «Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй»
Замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрх олгоно.

3.2. 3.1, 3.3.а–3.3.в тэмдэг бүхий замтай огтлолцсон туслах чанарын замд 3.4 буюу 3.5 тэмдгийг, мөн 3.7 тэмдэг байрласан замын нарийссан хэсгийн эсрэг талд 3.6 тэмдгийг тус тус байрлуулна.
3.3. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан 3.6 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Дөрөв. Заах тэмдэг
4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө:

4.1.а «Чигээрээ явна»

4.1.б «Баруун гар тийш явна»

4.1.в «Зүүн гар тийш явна»

4.1.г «Чигээрээ буюу баруун гар тийш явна»

4.1.д «Чигээрээ буюу зүүн гар тийш явна»

4.1.е «Баруун буюу зүүн гар тийш явна»
Тухайн уулзвар, гарцыг зөвхөн сум заасан чигт нэвтрэхийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө.

4.2.а «Саадыг баруун гар талаар тойрч гарна»

4.2.б «Саадыг зүүн гар талаар тойрч гарна»
Тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө.

4.2.в «Саадыг баруун буюу зүүн гар талаар тойрч гарна»
Тухайн саадыг аль ч талаар нь тойрч гарахыг зөвшөөрнө.

4.3 «Тойрох хөдөлгөөн»
Тухайн уулзвар (талбай)-ыг зөвхөн сум заасан чигийн дагуу тойрч нэвтрэхийг зөвшөөрнө.

4.4 «Унадаг дугуйн зам»
Зөвхөн унадаг дугуй, мопедын хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна дүрмийн 5.1-д заасны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө.

4.5 «Явган хүний зам»
Зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна дүрмийн 25.3, 25.5-д заасны дагуу унадаг дугуйн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө.

4.6 «Хурдны доод хязгаарлал»
Зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө.

4.7 «Хурдны доод хязгаарлалын төгсгөл»
4.6 буюу 5.12.а тэмдгээр тогтоосон хурдны доод хязгаарлалын үйлчлэх хүрээ дууссаныг заана.






4.2. 4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Харин тусгаарлах зурвасын тасархай хэсгийн шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгт хамаарна.

4.3. 4.6 тэмдгийн үйлчлэх хүрээг 4.7 тэмдгээр төгсгөөгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.

Бүлгийн гол санаа
1. Дарааллын тэмдэг — уулзварт хэн түрүүлэхийг тогтооно (3.1 гол зам, 3.4 зам тавина).
2. Заах тэмдэг — дугуй, цэнхэр дэвсгэртэй, ЗААВАЛ тэр чигт явна.
3. Зүүн эргэхийг зөвшөөрсөн 4.1 тэмдэг нь буцаж эргэхийг МӨН зөвшөөрнө.
Дараагийн бүлэг → 1 дүгээр хавсралт · Тав. Мэдээлэх тэмдэг
