Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх
13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.
Гүйцэж түрүүлэх хориотой тохиолдол
13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:
- а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;
- б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;
- в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед;
- г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед;
- д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд.

13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна.
Гүйцэж түрүүлэх хориотой газрууд
13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:
- а/ уулзвар болон гарц дээр;
- б/ явган хүний гарц дээр;
- в/ хороолол болон сургууль орчмын бүс дотор;
- г/ төмөр замын гарам дээр болон түүнд хүртэл 100 м-ээс ойр зайд;
- д/ гүүрэн дээр болон доор;
- е/ хонгил дотор;
- ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт.

13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.6. Нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно.

Бүлгийн гол санаа
1. Гүйцэж түрүүлэх = эсрэг урсгал сөрөх. Гүйцэх = зэрэгцээ эгнээгээр илүү хурдтай явах.
2. Хориотой 7 газар: уулзвар, явган гарц, сургууль орчим, гарам (100 м), гүүр, хонгил, огцом эргэлт.
3. Гүйцэгдэж яваа жолооч хурдаа нэмэх нь зөрчил — өөрийг нь гүйцэхэд саад хийж болохгүй.
Дараагийн бүлэг → Арван дөрөв. Түр ба удаан зогсолт
