Цахим ном · ЗХД

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм

Өнөөдөр жолоод, маргааш өс.

Хоёр. Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:

АнгилалТодорхойлолт
Aмотоцикл;
Bжолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
C"D" ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
Dжолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
BEбүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй "B" ангиллын автомашин;
CEбүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй "C" ангиллын автомашин;
DEбүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй "D" ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус;
Mтрактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмж бүрэлдэхүүн.
A, B, C, D, BE, CE, DE, M ангиллын тээврийн хэрэгсэл
A, B, C, D, BE, CE, DE, M ангиллын тээврийн хэрэгсэл

2.2. "C", "D", "CE", "DE" ангиллын тээврийн хэрэгслийг дор дурдсанаар дэд ангилна:

Дэд ангилалТодорхойлолт
C1бүх жин нь 7500 кг-аас илүүгүй "C" ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
D1жолоочоос гадна арван зургаагаас илүүгүй хүний суудалтай "D" ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
C1Eбүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй "C1" дэд ангиллын автомашин;
D1Eбүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй "D1" дэд ангиллын автомашин.

2.3. "A", "B", "C", "M" ангилал болон "C1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, "D" ангилал болон "D1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно.

2.4. "BE", "CE", "DE" ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах "B", "C", "D" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд, түүнчлэн "C1E", "D1E" дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах "C", "D" ангилал буюу "C1", "D1" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд олгоно.

2.5. "C", "D" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах "C1", "D1" дэд ангиллын тээврийн хэрэгслийг, мөн "CE", "DE" ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах "C1E", "D1E" дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнийг жолоодох эрхтэй байна.

2.6. Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно.

Бүлгийн гол санаа

1. Тээврийн хэрэгслийг найман үндсэн ангилал (A–M) болон дөрвөн дэд ангилалд хуваадаг.

2. Насны шаардлага ангилал бүрээр өөр: 18 нас (A, B, C, M, C1) ба 21 нас (D, D1).

3. Чиргүүлтэй/угсраа тээврийн хэрэгсэлд тусгай "E" ангилал шаардагдана.

Дараагийн бүлэг → Гурав. Жолоочийн үүрэг